Визний Ангилал

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Америкийн Нэгдсэн Улсад (АНУ) зорчих хүсэлтэй гадаадын иргэн зорилгоосоо хамааран богино хугацааны цагаачлалын бус аль эсвэл удаан хугацаагаар оршин суух цагаачлалын виз авах ёстой. АНУ-д визгүй зорчих шалгуур хангасан орнуудын иргэд Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд АНУ-д визгүй зорчих боломжтой. Визгүй Зорчих Хөтөлбөрийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад зорчих бүх иргэд Америкийн Нэгдсэн Улсад зорчихоосоо өмнө Зорчих Зөвшөөрөл Олгох Цахим (ESTA) Системээр орж зөвшөөрөл авах ёстой.

Виз нь Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэх баталгаа болохгүй. Виз нь зөвхөн АНУ-ын Консул таныг Америкийн Нэгдсэн Улсад тодорхой зорилгоор нэвтрэх эрх хүсэх боломжтой гэж үзсэнийг харуулж байгаа хэрэг юм.

Цагаачлалын бус виз

Цагаачлалын бус визийг Америкийн Нэгдсэн Улсад тодорхой хугацаанд тодорхой зорилгоор зорчих хүсэлтэй жуулчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, эсвэл мэргэжлийн ажилчдад олгоно. АНУ-ын визний тухай хууль тогтоомжийн дагуу цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь өөрийн эх оронтойгоо нягт холбоотой, Америкийн Нэгдсэн Улсад зорчсоныхоо дараа буцаж ирэх зайлшгүй шалтгаантайгаа Консулд батлан харуулах ёстой.

Цагаачлалын виз

Цагаачлалын виз нь Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суух иргэдэд зориулагдсан болно. Цагаачлалын визний хүрээнд Америкийн Нэгдсэн Улс руу Хууль ёсны байнгын оршин суугчаар орох хүсэлт гаргаж болох бөгөөд АНУ-ын иргэншил авахад дөхөм болох алхам юм. Ихэнх цагаачлалын визний өргөдлийг АНУ-ын иргэн, эсвэл хууль ёсны байнгын оршин суугч гэр бүлийн гишүүн цагаачлагчийн өмнөөс Америкийн Нэгдсэн Улс дахь Иргэншил, Цагаачлалын Албанд (USCIS) эсвэл гадаад дахь АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст хүсэлт гаргадаг. Мөн АНУ-ын ажил олгогч тодорхой байнгын ажлын байранд гадаадын харьяатыг авч ажилуулах сонирхолтой бол өмнөөс нь хүсэлт гаргаж болно.