Яаралтай ярилцлагын цаг товлох

Энэ хуудсан дээр:


Ерөнхий агуулга

Хэрэв та доор жагсаасан аль нэг үндэслэлийн дагуу урьдчилан таамаглаагүй онцгой нөхцөл байдлын улмаас яаралтай аялах шаардлага гарсан бол АНУ-ын Элчин Сайдын Яамны Консулын хэлтсийн ажлын ачааллаас шалтгаалан яаралтай ярилцлаганд орж болно. Виз мэдүүлэгч нь зөвхөн нэг л удаа яаралтай ярилцлаганы цаг товлох боломжтой учир та доорх шаардлагуудтай сайтар танилцана уу.

Тавигдах шаардлагууд

Яаралтай виз мэдүүлэхийнхээ өмнө та тухайн нөхцөл байдал, шалтгаанаа нотлох бичиг баримтыг бүрдүүлэх ёстой. Таны визний ярилцлагын үеэр яаралтай ярилцлаганд орохын тулд худал мэдээлэл өгсөн нь илэрвэл уг мэдээлэл таны визний мэдүүлэгт тэмдэглэгдэж, таны визний шийдвэрт сөргөөр нөлөөлөх магадлалтай. Яаралтай ярилцлагын цаг хүссэн бүх виз мэдүүлэгчид эхлээд визний мэдүүлгийн хураамжаа төлж онлайнаар цагаа товлосон байх ёстой. Яаралтай ярилцлагын цаг олгогдсон боловч виз нь татгалзагдсан, эсвэл ярилцлагандаа ирээгүй тохиолдолд тухайн виз мэдүүлэгчид яаралтай ярилцлагын цаг авах боломж дахин олгохгүй.

Хэрэв таны ярилцлагын цагаа урагшлуулах хүсэлтэд татгалзсан хариу өгсөн бол энэ тухай дахин хүсэлт гаргах боломжгүйг анхаарна уу. Тиймээс та өөрийн анх товлосон цагтаа ирж ярилцлагандаа орно уу.

Анхааруулга: Хурим, төгсөлтийн баярт оролцох, жирэмсэн хамаатандаа туслах, жил бүр зохиогддог бизнесийн болон бусад хуралд оролцох, эсвэл жуулчлалаар явах зэрэг нь яаралтай ярилцлагын цаг олгох үндэслэл болохгүй юм. Эдгээр зорилгоор аялахын тулд эртнээс урьдчилж визний ярилцлагаа товлоно уу.

Эрүүл мэндийн яаралтай тусламж

Аяллын зорилго нь эмнэлгийн яаралтай тусламж авах, хамаатан эсвэл ажилтнаа яаралтай эмчилгээнд авч явах мөн хүнд өвчтэй, амь насанд нь аюул тулгараад байгаа хамаатнаа эргэж очих.

Шаардлагатай бичиг баримтууд:

      1. Таны /өвчтөний өвчний онош, ямар учраас АНУ-д эмчлүүлэх болсон тухай Монгол эмчийн өгсөн тодорхойлолт
      2. Таныг эмчлэхээр болсон тухай болон эмчилгээний төлбөрийн тооцоог харуулсан АНУ дахь эмч, эмнэлгээс ирүүлсэн захиа
      3. Эмчилгээний зардлыг хэрхэн төлөх нотолгоо

 

Оршуулга/Нас баралт

Аяллын зорилго нь АНУ-д нас барсан гэр бүлийн гишүүний (эх, эцэг, ах, эгч, хүүхэд, эмээ, өвөө, ач зээ) оршуулганд оролцох эсвэл цогцсыг нь эх орондоо авчрах.

Шаардлагатай бичиг баримт:

      1. Холбоо барих хаяг, талийгаачийн тухай мэдээлэл, оршуулгын үйл ажиллагаа явуулах газраас ирүүлсэн бичиг
      2. Мөн талийгаач нь таны гэр бүлийн гишүүн болохыг нотлох баримт

 

Яаралтай бизнес аялал

Аяллын зорилго нь урьдчилан төлөвлөх боломжгүй яаралтай бизнес уулзалтанд эсвэл сургалтанд оролцох.

Шаардлагатай бичиг баримт:

      1. АНУ дахь харилцагч компаниас ирүүлсэн бизнесийн үйл ажиллагаагаа тайлбарласан, яаралтай визний ярилцлаганд орж чадахгүй тохиолдолд АНУ-ын эсвэл Монголын компани их хэмжээний хохирол амсах тухай уулзалтын яаралтай байдлыг гэрчилсэн захиа

 

        Эсвэл
      1. АНУ-д гурав хүртэлх сарын хугацаанд сургалтанд хамрагдах шаардлагатайг нотолсон Монголын ажил олгогч болон АНУ-ын сургалт зохион байгуулах байгууллага тус бүрийн албан бичиг. Эдгээр албан бичигт сургалтын талаарх дэлгэрэнгүй тайлбар, мөн яаралтай визний ярилцлаганд орж чадахгүй тохиолдолд АНУ-ын эсвэл Монголын компани яагаад их хэмжээний хохирол амсах тухай тайлбарласан байх.

 

Оюутнууд болон солилцооны зорчигчид

Аяллын зорилго нь АНУ-д 60 хоногийн дотор албан ёсны сургалтаа эхлэх/үргэлжлүүлэх шаардлагатай байх. Энэ боломжийг зөвхөн хичээл нь 60 хоногийн дотор эхлэх оюутнууд болон солилцооны оюутнуудад олгоно. Энэ нь мөн сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ-ын виз хүсээд татгалзсан хариу аваагүй мэдүүлэгчдэд хамааралтай.

Шаардлагатай бичиг баримт:

      1. 60 хоногийн дотор эхлэх хичээлийн өдрийг заасан I-20 эсвэл DS-2019 маягтын эх хувь
      2. SEVIS хураамж төлсөн баримт (шаардлагатай бол)

 

Хэрхэн виз мэдүүлэх

1-р алхам

Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

2-р алхам

Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

3-р алхам

Ярилцлагаа онлайнаар хамгийн ойрын боломжтой өдрөө товлоно. Яаралтай ярилцлагын цаг хүсэхээсээ өмнө та онлайнаар ярилцлагын цаг заавал товлосон байх шаардлагатайг анхаарна уу. Ярилцлага товлож байх үед дэлгэцэн дээр хамгийн ойрын боломжтой ярилцлагын өдрүүд, мөн яаралтай ярилцлагын цаг байгаа өдрүүдийг харуулсан байх болно. Ярилцлагын боломжтой өдрүүд байгаа учраас та заавал яаралтай цаг хүсэх шаардлагагүй байж ч болох юм. Хэрэв та яаралтай ярилцлагын цаг товлохыг хүсвэл Хүсэлтийн маягт бөглөх эсвэл манай дуудлага хүлээж авах төвтэй холбогдож туслалцаа авна уу. Таны нөхцөл байдал яаралтай ярилцлагын цаг олгох шалгуурт нийцэж буй эсэхийг магадлана уу. Хүсэлт гаргасныхаа дараа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтсээс таны и-мейл хаяг руу хариу ирүүлэхийг хүлээнэ үү.

4-р алхам

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс таны хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд яаралтай ярилцлага онлайнаар товлохыг анхааруулсан и-мейл та авах болно. Дуудлага хүлээж авах төв таны өмнөөс яаралтай ярилцлагын цаг товлож чадахгүй боловч операторууд таны шаардлагатай асуултанд хариулж туслах болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс яаралтай ярилцлагын цагийн хүсэлтийг тань татгалзсан тохиолдолд и-мейлээр таньд мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд та урьд нь товлосон ярилцлагын энгийн цагаа хэвээр нь үлдэнэ үү.

Анхааруулга: Таны хүсэлтийг зөвшөөрсөн эсвэл татгалзсан и-мейл дараах хаягнаас ирнэ no-reply@ustraveldocs.com. Зарим и-мейлийн үйлдлүүд үл таних хаягийг шүүж спайм буюу хуурамч захидлын хайрцаг эсвэл хэрэгцээгүй и-мейлийн хайрцаг руу оруулдаг. Хэрэв та и-мейлээр хариу аваагүй бол тэдгээр хайрцагнуудаа шалгана уу.

5-р алхам

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст визний ярилцлагын өдөр цагтаа очно уу. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон болон DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, сүүлийн үед авхуулсан нэг хувь зураг, хүчинтэй паспорт, шинэчилсэн иргэний үнэмлэх болон вийзийн төрлөөс шалтгаалж шаардагдах бусад бичиг баримтуудыг /DS-2019, I-20 гэх мэт/ авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны визний мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм.