Цагаачлалын виз хүлээх хугацаа

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Цагаачлалын виз бүрийн нөхцөл байдал өөр учраас тухайн хувь хүний шийдвэрийг гаргах хугацааг тодорхойлоход хэцүү байдаг. Ерөнхийдөө шийдвэр гаргах хугацаанд гурван хүчин зүйл нөлөөлдөг:

    Өргөдлийг боловсруулах хугацаа

    АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албаны (USCIS) өргөдлийг зөвшөөрөх хугацаа өргөдлийн төрөл, тухайн USCIS албанаас хамааран өөр өөр байна. USCIS албуудын ерөнхий хугацааг энд харуулав.

    Үндэсний Визний Төв болон АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын газрын боловсруулахад шаардлагатай хугацаа

    Өргөдөл нь зөвшөөрөгдсөн бөгөөд, ойрын садан төрлийн харилцаанд үндэслэсэн виз эсвэл дарааллын огноо нь болсон тохиолдолд ярилцлагаа хэзээ товлох нь гол төлөв танаас хамаарна. Үндэсний Визний Төвийн (NVC) зааврыг хурдан дагах тусам та илүү ойрын хугацаанд ярилцлагын цаг товлох боломжтой. Ярилцлагын цагийг голдуу бүх бичиг баримтыг хүлээлгэж өгсөнөөс хойш нэг сарын хугацаанд товлодог. Виз голдуу ярилцлагын өдрөөс хойш 10 хоногийн дараа гардаг.

    Өргөдлийн дарааллын хугацаа

    Цагаачлалын зарим ангилалд хуулийн дагуу жил бүр зөвхөн тодорхой хязгаарлагдмал тооны виз олгохыг зөвшөөрдөг. Эдгээр өргөдлийг зөвхөн өргөдөл гаргасан дарааллын дагуу боловсруулдаг (үүнийг дарааллын огноо гэнэ). Өргөдөл гаргагчийн дарааллын огноо болох хүртэл виз олгогдохгүй (өргөдлийн дарааллын огноо болох). Энэ үйл явц хэдэн жил ч болж болно. Хэдийгээр хэр хугацаа зарцуулагдахыг тодорхой хэлэхэд хэцүү боловч сар бүр хэвлэгддэг Визний Товхимолд одоогоор боловсруулагдаж байгаа дарааллын огноог жагсаасан байдаг бөгөөд эндээс ямар хугацаа үлдсэнийг харж болох юм.

Анхааруулга: Өргөдөл гаргагч АНУ-ын иргэншил авахад бүх F2A өргөдлийг (байнгын оршин суугчийн эхнэр/нөхөр эсвэл насанд хүрээгүй хүүхэд) автоматаар IR1 (Америк иргэний эхнэр/нөхөр) эсвэл IR2 (Америк иргэний хүүхэд) өргөдөл болгон өөрчилнө. Эдгээр визний ангилалд тоон хязгаарлалтын систем үйлчлэхгүй учраас эдгээр визний ангиллаар өргөдөл гаргагчид шалгуур хангасан бол бүгд виз авах боломжтой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэстэй холбогдож нэмэлт мэдээлэл авна уу.